МОНГОЛ БРЭНД: “Монгол базальт” компани Японы зах зээлд гарна

“Монгол базальт” компани ирэх онд түүхий эд, бүтээгдэхүүнээ Япон улсын зах зээлд гаргахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.

Тус компаний захирал Л.Ариунболд Японы Марубени корпорацийн Төлөөлөгчийн газрын дарга Оно Казуюкитай энэ оны ажлын үр дүнгээ хэлэлцэх үеэр Японы тал базальт хөвөнгөөс галд шатдаггүй утас гарган авах, тууз хийх технологийн туршилтууд болон автомашины тоормосны наклад, аж үйлдвэрийн бусад салбарын тоормосны систем зэрэгт хэрэглэх бүтээгдэхүүний орц хольцонд хийх туршилтууд лабораторийн түвшинд амжилттай болсон нь энэ жилийн ажлын томоохон үр дүн байсныг онцлоод таван жилийн хугацаанд “Монгол базальт” компанитай хамтарч ажиллахад сэтгэл дүүрэн байсаар ирснээ тэмдэглэлээ.

 “Монгол базальт” компани эрчим хүч хэмнэж дулааны алдагдлыг зогсоох чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх замаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад дорвитой хувь нэмэр оруулахыг хичээж улс орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Тухайлбал, үйлдвэрийнхээ анхны бүтээгдэхүүны дээжээр “Женко тур бюро” компаний Цонжин болдог дахь Чингис хааны дурсгалын морьт хөшөөг доторлож, улмаар “Өргөө” кинотеатрын өргөтгөлийн төсөлд хамтран оролцож дуу чимээ тусгаарлагч ханын хавтангуудыг нийлүүлжээ. Мөн “Улаанбаатар” их дэлгүүр, “Шангри Ла”, “Рамада” зочид буудал, “Романиа резидейнс”, “Жигүүр гранд”-ын барилга байгууламжууд, Хөшигтийн хөндийд байгуулж буй шинэ нисэх буудлын цогцолбор, Номин констракшн Ревер гарден төсөл гэхчилэн МонголУлсын нийслэл дэх сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтуудад оролцож бүтээгдэхүүнийхээ чанарыг батлан таниулсаар байгаа юм.