Галд шатдаггүй, усанд нордоггүй, хөвөн хөөс шиг хөнгөн атлаа дуу чимээ, дулаан хүйтнийг тусгаарладаг “шидэт” хана туургатай барилга байшингууд Монгол Улсын нийслэлд олноороо сүндэрлэх болов. Учир нь Монголчууд саяхан галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас Basaltwool брэндийн чулуун хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ.
20-р зууны эхэнд Хавайн арлын Килау галт ууланд судалгаа хийж байсан Америкийн залуу эрдэмтэд байгаль дахь чулуун хөвөнг анх нээж түүний дулаан болон дуу тусгаарлах өндөр чадвар, гал ус нэвтрүүлдэггүй гайхамшигт чанарыг олж мэдэн үйлдвэрлэлд нэвтрүүлснээс хойш 100 гаруй жил өнгөрсөн ч өртөг өндөртэй уг технологийг хүссэн сонирхсон бүхэн нь хүртэж ашиглаж завдалгүй өнөөдөртэй золгожээ. Харин Монгол Улсын бизнесмэн, инженер, технологич Л.Ариунболд Дани, Орос, Хятад болон Европийн улс орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр Монгол улсад чулуун хөвөн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж “Монгол базальт” компанийг үүсгэн байгуулсан байна.
Basaltwool брэндийн чулуун хөвөнгийн шөрмөслөг (сэмэрдэс) нь эрс тэс өөрчлөлтөд тэсвэртэй байдаг бөгөөд цельсийн 1100 градусын халууныг ч тэсвэрлэж чаддаг тул галын аюул тулгарсан үед онцгой хамгаалалт болдгоос гадна энэ нь дулаан дамжуулалт үлэмж бага байх чадвартай хосолсноор бусад төрлийн материалаар орлуулшгүй давуу чанарыг бий болгодог юм. Чухам иймээс л дээрх материалыг дэд бүтцийн, тухайлбал, барилга, эрчим хүч, тээвэр, авто болон төмөр зам, агаарын ба усан онгоц, цэрэг дайны техник, машин механизм, хөдөө аж ахуйн салбарт өргөнөөр ашиглаж байна.
Хүн амьдралынхаа 70-80 хувийг ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдөг. 21-р зууны хүмүүсийн амьдралын энэхүү хэвшлийг нэгэнт өөрчлөх боломжгүй учраас халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, гал усны аюулаас бүрэн хамгаалагдсан, дуу чимээгүй, эрүүл мэндэд хор нөлөөгүй материалаар баригдсан байшин л эрэлт хэрэгцээ болоод байна. Үүнийг бид ийнхүү чулуун хөвөнгийн тусламжтайгаар шийдэж эхэллээ. Базальтаар зөвхөн барилгын материал төдийгүй галд шатдаггүй даавуу, уураг, эрдэс хөвөн, мяндсан утас, ширэм, дулаалгын материал гээд л гарт баригдах эдлэл хэрэглэл бүхнийг хийх боломжтойн зэрэгцээ ногоон ургамлын хөрсгүй тариалалтад хүртэл ашигладаг ажээ. Тэр ч байтугай сүүлийн үед галт уулын чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс нь энергийн эмчилгээний нэг төрөл болжээ. Мөн базальтаас гаргаж авсан төмөр утсан сараалж, мяндаслаг хавтанг төмөр замын дэр мод юмуу асфальтан замын дор дэвсвэл зам эвдэрч цөмрөхгүй бат бөх болдог гэнэ.
“Монгол базазльт” компани эрчим хүч хэмнэж дулааны алдагдлыг зогсоох чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх замаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад дорвитой хувь нэмэр оруулахыг хичээж байна. Үүний тулд улс орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ.
Тухайлбал, үйлдвэрийнхээ анхны бүтээгдэхүүны дээжээр “Женко тур бюро” компаний Цонжин болдог дахь Чингис хааны дурсгалын морьт хөшөөг доторлож, улмаар “Өргөө” кинотеатрын өргөтгөлийн төсөлд хамтран оролцож дуу чимээ тусгаарлагч ханын хавтангуудыг нийлүүлжээ. Мөн “Улаанбаатар” их дэлгүүр, “Шангри Ла”, “Рамада” зочид буудал, “Романиа резидейнс”, “Жигүүр гранд”-ын барилга байгууламжууд, Хөшигтийн хөндийд байгуулж буй шинэ нисэх буудлын цогцолбор гэхчилэн Монгол улсын нийслэл дэх сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтуудад оролцож бүтээгдэхүүнийхээ чанарыг батлан таниулсаар байна.
“Монгол базальт” компаний чулуун хөвөнгийн үйлдвэрт оронгуутаа би хэсэг зуур балмагдсан юм. Яг л ноосны үйлдвэрийн эсгий хийдэг дамжлага шиг харагдав. Чулууг хөвөн болгон зулж түүгээрээ эсгий хийж, эсгийгээ өндөр температурт дахин шарж, жигнэж хатуу зөөлөн дөрвөлжүүд болгоод үүнийгээ янз бүрийн сараалжуудад шахаж сэндвичин хавтангууд үйлдвэрлэдэг аж. Чулуунаас дулаан гарган авч буй үйл явцын нэгээхэн хэсэг нь энэ.Тэд саяхнаас мөн шүршдэг базальтвүүл чулуун хөвөн үйлдвэрлэж эхэлжээ. Базальтвүүл чулуун хөвөнг байгаль орчинд хоргүй усан суурьтай холбогч цавуутай хэрэглэдэг юм байна. Эдгээр орцыг шүршигч машинаар түрхэх бөгөөд барилга байшин, техник хэрэгслийн гадаргууны дулаалгад ашиглахад их тохиромжтой гэнэ. Өнөөх шатдаггүй нордоггүй дээрээ нэмээд мөөгөнцөрт тэсвэртэй гэх томоохон давуу талтай аж.
Харин базальтвүүл хавтангийн үйлдвэрийн хүчин чадал нь нэг үндсэн шугамтай ба нэг минутад 6 метр квадрат, хоногт 2880 метр квадрат, нэг жил буюу 250 ажлын өдөрт 720000 метр квадрат хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж нь EN ISO 13849-1:2008 стандартаар үйлдвэрлэгдсэн бөгөөд Япон улсын Мицубиши корпорацийн тоног төхөөрөмжөөр бүрэн автоматчилагдсан, хэвлэн дармалдаж хавтан үйлдвэрлэх машин юм. Үйлдвэр нь эхний элжинд хамгийн өргөн хэрэглэдэг дөрвөн төрлийн зузаантай дээврийн нэг төрөл, ханын хоёр төрлийн хавтанг үйлдвэрлэж байна. Цаашид зах зээлд эзлэх хувийг өсгөхийн хэрээр бүтээгдэхүүний сонголт, нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, төлөвлөгөөгөө үзүүлж байна билээ. 8 тоннын хүчин чадалтай тус үйлдвэр нь 15 жил болж хуучирсан тул 21 тоннынх болгон өргөтгөх ажлыг хэдийнэ эхлүүлжээ. Тэрчлэн 2016 оны 2-р сарын 12-ны өдөр дулааны алдагдалгүй термобазальт брэндийн шугам хоолойн дулаалгын үйлдвэр нээлтээ хийж үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Нэг ээлжиндээ 700 метр квадрат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн анхны бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын төвд орших Энхтайваны гүүрний зүүн талын 600-гийн шугамны 100 метр хоолойг дулаалан анхны туршилтаа амжилттай гүйцэтгэжээ. Чухам эндээс л хэрэглэгчид чулуун хөвөнгийн ид шидийг таньж “Зарсан нь биш худалдаж авсан нь хождог бүтээгдэхүүн” гэх үг дуулдаж эхэлсэн байна. Гадна бүрээс нь 50 мм хөнгөн цагаан ялтастай шилэн даавуун доторлогоотой учраас механик цохилтод урагдаж гэмтэхгүй, нар салхи бороонд бат бэх, ашиглалтын хугацаа 30 жил, олон удаа ашиглах боломжтой High-Tech бүтээгдэхүүний дулаан дамжуулалтын итгэлцүүр λ=0.032 Вт/(mk) аж. Эднийх бүтээгдэхүүнээ Японы зах зээлд экспортолж байгааг дурдахгүй өнгөрч болмооргүй. Чанарыг “имэрч” үздэг нямбай няхуур япончуудад таалагдана гэдэг амар зүйл биш ээ.
“Монгол базальт” компаний түүхий эд базальт чулууны орд нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байдаг аж. Дэд бүтцээ түшиглэн нийслэл хоттой ойр газраас олборлолт хийж эхэлжээ. 250 жилийн нөөцтэй орд гэнэ билээ. Базальт нь Монгол оронд төдийгүй дэлхийд хамгийн өргөн тархацтай чулуу. Тэр ч байтугай Сар, Марс, Сугар гаригууд дээр их хэмжээгээр илэрсэн гэх. 250 сая жилийн тэртээ дөрөв дэх цэрдийн үед галт уулын хайлмаг магма дэлхийн хөрсөнд асар хурдацтай гарч царцсанаар бий болсон хар болон саарал өнгөтэй, галт уулын энэ чулуу хүн төрөлхтөний түүхэнд шинэ технологийн эрин үеийг эхлүүлсэн юм. Чулуунаас “дулаан” гарган авах энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь биш, зөвхөн ноү хау нь л гэхэд 8-12 сая доллар байдаг гэсэн.
Уралын политехникийн их сургуулийн Цахиурын ислийн технологийн үйлдвэрийн инженерийн ангийг төгссөн Л.Ариунболд захирал мэргэжлээ ийнхүү бизнес болгож чаджээ. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан ардчиллын эхний он жилүүдэд залуус ганзагын наймаанд “гахай” үүрэн мордож байхад тэрээр Улаанбаатар хотын троллейбусны депо дээр өөрийн зохион бүтээсэн зуухандаа машины шил хийж туршаад сууж байсан гэх. Инженерийн ур ухааныг амьдрал, хобби, бизнес болгож чадсан энэ эрхэм Монголынхоо ерөнхий боловсролын 300-аад сургуулийг технологийн танхимтай болгож өгчээ.Мөн энэ салбарт чадвартай багш, боловсон хүчин бэлтгэхийг дэмжин, чармайн тусалсаар иржээ. Моринд биш Монголын хойч үеийнхний инженер техникийн сэтгэлгээнд бооцоо тавин уралдуулахыг хүсч явдгаа ярина билээ. Сүүлийн үед технологийн салбарын үсрэнгүй хөгжил ирээдүйн инженерүүдээс олон талт мэдлэг шаардах болсон тул монголчууд самбаачлан суралцахаас өөр ухрах араагүй гэж түс тасхан хэлснээр бидний яриа өндөрлөж “Монгол базальт” компанийн хотын төв дэх оффистой танилцах болов.
“Фламенго” тауэрийн цахилгаан шатаар өгсөж явахдаа амьсгалд хиртэм шил толь болсон орчин үеийн оффис төсөөлж байтал хүүхдийн дуу цуурайтсан хичээлийн гайхалтай өрөө тасалгаанууд угтлаа. Социализмын үеийн Монголын залуу техникчдын ордон, Өсвөрийн зохион бүтээгчдийн дугуйлангийн танхим гэж л ийм нэг сургалтын гайхалтай орчин байж билээ. Европийн Австри улсад бүтээгдсэн, аюулгүйн ажиллагааг хангасан, олон үйлдэлтэй, бага оврын Unimat брэндийн төхөөрөмжүүд дээр ажиллаж байгаа хүүхэд залуус, тэдний бүтээл-оньсон хөдөлгүүрт загварууд өөр өөрсдийн дуу чимээгээр мэндлэн угтах нь тэр. Цахилгаан уран хөрөө, цоолбор хийх төхөөрөмж, автомат зүлгүүр, төмрийн токарь, фрэйзер, дугуй цахилгаан хөрөө, ховил гаргач цахилгаан машин, цахилгаан өрөм гээд Unimat-ын сүүлийн үеийн бүхий л багаж хэрэгслүүд, түүн дээр урамшин ажиллаж байгаа нүд нь гялалзсан залуус хүүхдүүдийн дунд ажиллаж амьдардаг захирал ажээ. Ариунболд захиралтай ярилцаж байхад “Бүтээлч сэтгэхүй гэгч хүнийг урагш хөдөлгөгч гол хүч” хэмээн ярьж байсан нь ийнхүү албан оффист нь хөгжим шиг олон төрлийн хөг аялгуу гарган бодит биеллээрээ угтсан юм. “Манай компаний одоо хийж буй ажил бол ирж яваа цагийг угтан буй бизнес. Бид мөнгө тоолохыг чухалчлаагүй, харин улам бүр өсөн нэмэгдэх, өргөжин хөгжих бизнестээ замыг нь засаж байна” хэмээн өгүүлсэн "Монгол базальт” компаний захирал өрөөндөө суугаад сампин цохиод бизнес хөгждөггүйг үйлс бүтээлээрээ нотлон үзүүлсэн нь энэ.